Сайхан цэцгийг таслах би дургүй
Жигүүртэн шувууг торонд хорих би дургүй
Хүсэл мөрөөдлийг хазаарлах би дургүй
Эрдэнийн чулууг сүвлэх би дургүй
Эмэгтэй хүнийг уяах би дургүй
Хайр гэдэг өмчлөхийн нэр биш
Харсан бүхнээ атгах нь битгий хэл
Харахад ч хайран төгс төгөлдөр байдаг юм
Гайхалтай үзэсгэлэнг сохорсон ч олж хар
Сайхан бүхэн бидний гарт заавал орох ёстой юм гэж үү
Давтагдашгүй тэр үзэсгэлэн гоог
Эмэгтэй хүнээс би олж хардаг
Бүсгүйн ертөнц тэр аяраа
Далай мэт нууцлаг
Тэнгэр мэт хол
Аялгуу мэт уран яруу байлаа
Дуу хуурыг дахин сонсохыг би хүсэхгүй
Гаталсан мөрний усанд дахин орохыг би хүсэхгүй
Туулсан амьдралаа дахин шүүхийг би хүсэхгүй
Ганц л удаа хараад өнгөрөхөөс
Төгс зүйл гэж байна уу
Ханилан суух нэрээр эх гэрээс чинь салган одож
Ураг үрийн нэрээр насны нойрыг чинь хасах бодол надад алга
Эмэгтэй хүн чиний тавилан
Эр нөхрийн сүүдэр бус
Хэнд ч үл гүйцэгдэх хулан байх бусуу
Давчуу энэ хорвоод
Дахин нэг учирвал
Хоосон тэмдэглэлийг минь аваарай л даа...

No comments:
Post a Comment